БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМ
ЗАРЛАЛ
Баян-Өндөр сумын түүхэн товчоо

Бай Баян-Өндөр уулын хошуу

1923 оны 11 дүгээр сард Ардын засгийн газрын шийдвэр гарч, аймаг, хошууны ноёдын угсаа залгамжлах эрхийг хасч, аймаг, хошуудыг газар усны нэрээр нэрлэх болсноор тус хошуу Бай Баян-Өндөр уулын хошуу гэсэн нэртэй болов. Шинээр байгуулсан хошууны даргыг сонгох сонгууль 1942 онд болжээ.

Жавхлант уулын хошуу

Засгийн газрын шийдвэрээр тус хошууг 1927 онд Жавхлант уулын хошууг Эрдэнэ сумтай нэгтгэн нэг жилийн дараа буцаан Бай Баян-Өндөр уулын хошуу хэвээр байгуулав.

Хошуу тарж хоёр сум болов

Улсын бага хурлын 1931 оны 2 дугаар сарын 5 дугаар тогтоолоор орон нутгийн Засаг захиргааны хуваарьт өөрчлөлт орж, Засаг захиргааны “хошуу” гэсэн нэгж байхгүй болоход тус хошуу тарж Баян-Өндөр, Баянцагаан гэсэн 2 сум болов.Мөн хуучин 5 аймгийг 13 болгон байгуулахад Алтай аймагт харъяалагдлаа.

Завхан аймагт

1934 онд Алтай аймгийг татан буулгасан тул тус сум Завхан аймагт харъяалагдав.

Говь-Алтай аймаг байгуулахад

1940 оны сүүлчээр Говь-Алтай аймаг байгуулагдаж, манай сум түүнд харъяалагдах болсон юм.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум

БНМАУ-ын Улсын бага хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн шийдвэрээр Баянхонгор аймгийг шинээр байгуулж Говь-Алтай аймгийн зарим сумыг харъяалуулах болсноор 1942 оны 12 дугаар сараас Говь-Бөмбөгөр /удалгүй Баянхонгор аймаг гэж нэрлэсэн/ аймгийн Баян-Өндөр сум болсон байна. Энэ үед 10 багийн 743 өрх 2400 шахам хүн амтай байлаа. Ийнхүү Хонгор нутаг-Баянхонгор аймгийн баруун урд талын нэгэн сум болон хөгжиж ирсэн байна.

Өрх өсгөж, сум сунгав

Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 35 дугаар тогтоолын дагуу шинээр байгуулж Баянговь суманд олон өрх айл орсон юм.1956 онд Засгийн газрын шийдвэр гарч Шинэжинст /Залаа-Жинст уулын нэр/ сум байгуулах болсон тул 1, 6, 8 дугаар багийн 175 өрх 43000 мал хөрөнгө, газар нутагтайгаар тасарч шинэ суманд орсон байна.

Нэгдээд нэг жил

Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1958 оны 54 дүгээр зарлигаар тус сумыг Баянцагаан сум нэгдэлтэй нэгтгэв.1959 онд хөдөлмөрчдийн хүсэлтээр Баян-Өндөр сумыг хуучнаар нь байлгах болсон.

Хөгжлийн зам нэгдэл байгуулсан нь

1956 оны 6 дугаар сарын 21-нд 7 дугаар багийн малчид хуралдаж нэгдэл байгуулан “Хөгжлийн зам” гэж нэрлэн даргаар нь Лодойн Доржийг сонгов.

“Баян-Оргил” нэгдэл

1957 оны 2 дугаар сарын 17-нд 3, 4, 5 багийн 51 хүн Толын хярын худаг гэдэг газар хуралдаж нэгдэл байгуулан “Баян-Оргих” гэж нэрлэсэн.

“Мандах” нэгдэл байгуулсан нь

1957 оны 5 дугаар сард 3 дугаар багийн 17 өрхийн 40 хүн Баян-Овооны Цэлгэрт хуралдаж “Мандах” нэгдэлийг байгуулсан.

Нэгдлүүд нэгдэв

1958 оны 11 дүгээр сард 3 нэгдэл нэгдэж ууган нэгдэл “Хөгжлийн зам”-ын нэрийг хэрэглэхээр тогтон нэгдлийн даргаар Найдангийн Лувсан, орлогч даргаар Аюушийн Даш, нягтлангаар Зундуйн Шагдаржав нарыг сонгов.

Түүхэн замнал

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум нь 16 дугаар жарны Гахай жилийн намар буюу 1923 онд Хантайшир уулын /Говь-Алтай/ аймгийн Тэгшмандал сум нэртэй байгуулагдаж, 1941 онд Баянхонгор /Бөмбөгөр/ аймагт харъяалагдан орсоноос хойш 90 жилийн түүхт замналыг туулж байгаа ууган сумдын нэг юм.

1923 оноос хойш сумын Ардын депатутын Хурлын гүйцэтгэх захиргаа сумыг удирдан сумын нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж сумын анхны дарга нь 1922-1923 онд Дамбажав гэдэг хүн ажиллаж байсан юм. Үүнээс хойш сумын даргаар Бунзан, Ш.Лэгдэн, Гэндэнсүрэн, Ж.Халтар, Азар, Дашцогт ,Ж.Янсан, Гомбосүрэн, Лхамжав, Н.Ёндон, Бо.Дорж, П.Пунцаг, Л.Чойжин, Б.Лувсанцэрэн, З.Чимид-Ёндон, Д.Чимидцэрэн, Х.Самбуу, Т.Ондио, Д.Цэрэн, Ш.Батаа, Т.Элбэгдорж нар ажиллаж дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, бичээч, зарлага гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулсан байна. 1992 онд “Хөгжлийн зам” нэгдэл тарсан.

1990 оноос хойш сумын АДХГ захиргааны даргыг сумын Засаг дарга гэж нэрлэх болж анхны Засаг даргаар Л.Шарбаатар ажилласан. Үүнээс хойш сумын Засаг даргаар Г.Баасан, Т.Элбэгдорж, Ц.Цэцэгмаа, Т.Баяраа, Т.Тунгалаг нар ажиллаж байсан. 2008 оны 12 дугаар сарны 05-ны өдрөөс сумын Засаг даргаар Б.Идэрмөнх нь өдийг хүртэл ажиллаж байна.

1992 онд ЗДТГын бүтэц өөрчлөгдөн анхны Тамгын газрын даргаар 1992-1995 он хүртэл Х.Батбаяр, 1995-1997 он хүртэл Г.Баасан, 1997-2013 он хүртэл А.Саруулцэцэг, 2013-2015 он хүртэл Э.Жамсрандорж2015 оны 02 дугаар сараас одоо хүртэл Э.Амгаланбаяр ажиллаж байна. Тамгын газар нь Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, Тамгын газрын дарга, Нягтлан бодогч, Байгаль орчны хяналтын улсыг байцаагч, Нярав, ХХААУБ-гч, Архив,бичиг хэргийн эрхлэгч, Үйлчлэгч, Жолооч гэсэн үндсэн орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн суманд босоо удирдлагатай Нийгмийн халамжийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын байцаагч, Татварын байцаагч нар ажиллаж байв.

2015 онд Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүнд Засаг дарга Б.Идэрмөнх,Засаг даргын орлогч дарга Т.Түмэнхүү, Тамгын газрын дарга Э.Амгаланбаяр, Санхүүгийн албаны дарга З.Рина /Суманд санхүүгийн алба байгуулагдан бүх байгууллагуудын нягтлон бодогч нар нэгдэж тамгын газар байрлах болсон/, ХХААУБ-гч,МЭҮТ-ийн даргаар Ц.Цэцэгмаа, БОХУБ-гч Н.Эрдэнэ-Очир, Нийгмийн хөгжлийн бодлогын ажилтан Т.Тунгалаг, Газрын даамал Д.Төмөрсүх, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Ж.Долоон-Од, Архив бичиг хэргийн эрхлэгч А.Энхбаяр, МЭҮТ-ийн малзүйч Ц.Баасанхорол, үйлчлэгч Т.Нарангэрэл, Нярав П.Бямбасүрэн, Дулаан хангамжийн ажилтан Х.Пүрвээ, Б.Бат-Эрдэнэ, Т.Чулуунбаатар нар ажиллаж байна. Мөн босоо удирдлагатай ИБМ-ийн улсын бүртгэгч Д.Тансаг, Нийгмийн даатгалын байцаагч Г.Зориг, Нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Цэрэннадмид, Байгаль хамгаалагч Ч.Отгонтуяанар, 1-р багийн Засаг дарга И.Уртнасан, 2-р багийн Засаг дарга Ч.Дугаржав, 3-р багийн Засаг дарга Э.Баттөр, 4-р багийн Засаг дарга Х.Лхагвасүрэн нар тус тус ажиллаж байна.

Баян-Өндөр сум нь нэг ангийн 3 хөдөлмөрийн баатартай, 2015 онд шинээр улсын сайн малчин 1 төрсөн нь 1-р багийн малчин сумын ИТХ-ын төлөөлөгч Балжинямын Саандар байлаа. Улсын аварга малчин 17, аймгийн хөдөлмөрийн аварга давхардсан тоогоор 45, сумын хөдөлмөрийн аварга 165 гаруй хүн шагнуулсан.

Тус сумын Амарбуянт хийд нь 1697 онд анх байгуулагдаж 1300-аад лам хуврагуудтай байсан ба 1930 оны хэлмэгдэлтэнд өртсөн.1990 онд хийдийг дахин сэргээн босгож одоо 40 гаруй лам өдөр тутмын уншиж сүсэгтэн олонд үйлчилж байна. Мөн 2008 онд Гэгээнтэнээ тодруулж одоо нутаг хошуундаа аж төрж байна.

Мэдээ оруулсан: 2016-06-17 08:24:04